“Орон нутагт гэмтэл согогийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах” төсөл Өвөрхангай аймагт хэрэгжиж эхэллээ.
Тус төслийг Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/ санаачлан Эрүүл мэндийн яам, Өвөрхангай аймгийн ЭМГ, БОЭТ-тэй хамтран хэрэгжүүлж байгаа юм. Төслийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Арвайхээр хотноо болж, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тэргүүтэй албаныхан оролцлоо.

Аймгийн БОЭТ нь ГССҮТ-ийн эмч нартай хамтарч:
- Гэмтлийн гаралтай тархины мэс засал
- Түнх, өвдөгний үе солих мэс засал
- Өвдөг, мөрний дурангийн оношилгоо, мэс засал
- Арьс нөхөх мэс засал
- Хөлдөлт, түлэгдэлтийн үеийн тусламж үйлчилгээ
- Хүүхдийн согог засал зэрэг эмчилгээ, оношилгоог шинээр нэвтрүүлж байна.
Цаашид осол, гэмтэл өндөр гардаг Арвайхээр, Нарийнтээл, Хужирт, Хархорин, Уянга сумдад цогц арга хэмжээ авах, сумын ЭМТ-ийн яаралтай тусламж үзүүлэх чадавхийг сайжруулах зэргээр төлөвлөгөө гарган ажиллах юм. Төслийн үр дүнд БОЭТ-д шинэ техник технологи нэвтрүүлж, зөвхөн хотод хийдэг мэс ажилбаруудыг нутагшуулан гэмтэл бэртэлийг цаг алдалгүй оношлон эмчлэх боломжтой болно.
