Туяа багаас сонгогдсон сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн санаачилгаар Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "Эмэгтэйчүүдийн анхдугаар уулзалт, зөвлөгөөн"-ийг амжилттай зохион байгууллаа.
Тус уулзалт, зөвлөгөөнд нийт 50 гаруй эмэгтэйчүүд оролцлоо. Уулзалт, зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, Өвөрхангай аймгийн эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Ундрах, сумын ИТХ, ЗДТГ-ын төлөөлөл, Ахмадын холбооны төлөөлөл оролцож, багийн Засаг дарга, сумын ИТХ-ын төлөөлөгч П.Лхагвадорж "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн үүсэл хөгжил" сэдвээр, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, Өвөрхангай аймгийн эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Ундрах "Эмэгтэйчүүдийн манлайлал" сэдвийн хүрээнд "Анзаарахуй, дадуулахуй" номын агуулгаар лекц уншиж, сумын Төсвийн ерөнхий нягтлан бодогч Б.Саруул "Орон нутгийн хөгжлийн сан"-гийн талаар мэдээлэл өгч, ИТХ-ын төлөөлөгч Т.Бямбасүрэн, Н.Галбадрах, Ш.Сундуй нар багийн хөгжил, цаашдын үйл ажиллагааны талаарх мэдээллүүдийг хүргэлээ.
Уулзалт, зөвлөгөөний хэлэлцүүлгийн хүрээнд оролцогчдыг 5 багт хуваан санал, хүсэлтийг нэгтгэн танилцуулсан бөгөөд 32 саналыг нэгтгэн багийн Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгчдөд гардуулан өгч, эдгээр саналуудыг сумын хөгжлийн төлөвлөгөөнд тусгуулах болон аймаг, сумын ИТХурал, Засаг даргад уламжлахаар боллоо.
Дээрх саналын хүрээнд Туяа багийн эмэгтэйчүүдийн зөвлөлийг 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд ирэх жилийн арга хэмжээг ИТХ-ын төлөөлөгчидтэй хамтран зохион байгуулахаар зөвлөгөөнөөс шийдвэрлэсэн.
Арга хэмжээний хүрээнд сумын Соёлын төвтэй хамтран үдшийн цэнгүүн зохион байгуулж, хөгжөөнт тэмцээн, азын сугалаа тус тус зохион байгууллаа.
Тодруулахад сумын ИТХ-аас төлөөлөгчдийг тойрогтоо ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор 2025 оны төсөвт төлөөлөгчийн зардлыг баталсан бөгөөд эхний арга хэмжээг Туяа багийн төлөөлөгчид зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
ИТХ-ын ТӨЛӨӨЛӨГЧ нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч юм.
Төлөөлөгчдөдөө ажлын амжилт хүсэн ерөөе.