Анхдугаар Богд Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан “ӨНДӨР ГЭГЭЭН – ДАНШИГ НААДАМ” болно.
Монголын төр, нийгэм, шашин, соёл урлагийн суут зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч Анхдугаар Богд Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойн “ӨНДӨР ГЭГЭЭН - ДАНШИГ НААДАМ” 2025 оны 07 дугаар сарын 25-аас 27-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр хот болон Есөнзүйл суманд зохион байгуулагдах гэж байна.
Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэхэд Монголын төр, шашин, соёл урлагийн суут зүтгэлтэн, их эзэн Чингис хааны шууд алтан ургийн Анхдугаар Богд, Өндөр Гэгээн Занабазарын оруулсан гавьяаг алдаршуулах, Занабазар судлалыг олон нийтэд таниулан сурталчлах зорилгоор зохион байгуулж буй тус наадмын хүрээнд Зургаан насны болон сонгомол хурдан морины уралдаан, улс, аймгийн алдар цолтой 512 хүчит бөхийн барилдаан, үндэсний сурын харваа, шагайн харваанаас гадна шашин, соёлын олон арга хэмжээнүүд болно.
Тухайлбал, 07 дугаар сарын 25-ны өдөр Өндөр Гэгээний мэндэлсэн нутагт буюу Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд соёл, шашин номын үйл ажиллагаа болох бол 07 дугаар сарын 26, 27-ны өдөр Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотноо “Өндөр Гэгээн Даншиг наадам”-ын үйл ажиллагаанууд хөтөлбөрийн дагуу явагдана.
Монголын түүхийн алтан хуудаснаа судар мэт сийлэгдэн мөнхөрсөн төгс эрдэмт Өндөр Гэгээний алсыг харсан шийдвэр, бүтээл, бясалгалаар дамжин уламжлагдсан Монгол түмний соёлын дархлаа, уламжлалт үнэт зүйлсийг таниулах энэхүү наадамд хүрэлцэн ирж олон сонирхолтой хөтөлбөрүүдэд хамрагдахыг урьж байна.