Монгол Улсын Их Хурлаас 1996 онд жил бүрийн есдүгээр сарын 10-ний өдрийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн. Жил бүр улс төрийн хилс хэрэгт өртсөн иргэдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж, түүхийн сургамжийг залуу үед таниулах зорилгоор энэхүү арга хэмжээг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зохион байгуулдаг билээ.
Өдгөө 30 дахь жилдээ эл өдрийг хүндэтгэн өнгөрүүлж, Монгол Улсын 9 дэх Ерөнхий сайд Пэлжидийн Гэндэнгийн хөшөөнд сумын удирдлагууд, төсвийн байгууллагын албан хаагчид, ЕБС-ийн сурагчид хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.
Түүнчлэн хүүхэд багачуудад Монголын түүхийн үнэнийг таниулж, хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх үзлийг төлөвшүүлэх, эсээгээр дамжуулан хүний эрх, эрх чөлөөний үнэ цэнийг ойлгуулах, сурагчдын авьяас чадварыг дэмжиж, сэдэлжүүлэх зорилгоор зохион байгуулсан “ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ БА ХҮНИЙ ЭРХ” сэдэвт эсээ бичлэгийн уралдааны шилдгүүдэд шагналыг гардууллаа. Эсээ бичлэгийн уралдаанд нийт 10 гаруй сурагч оролцсоноос Тэргүүн байранд 10а ангийн сурагч Э.Балжинням, Дэд байранд 12а ангийн сурагч Г.Урангоо, Гутгаар байранд 10а ангийн сурагч М.Мөнхцэцэг нар шалгарлаа.
Халуун итгэл цөхөрсөн
Хатан зүрх шархирсан
Хар дарсан жилүүдийг
Хамаг Монголчууд Бүү мартагтун!